Ухуулагч
Гадаа бүрий болж хүмүүсийн дүрс сүнс аятай сүүтийн, хотыг гэнэтийн юмсаар дүүрэн шөнийн амьдрал бага багаар залгиж байлаа. Бүгчим, халуун агаар цээж давчдуулж, замаар давхих машинуудын нэгэн хэмийн бөглүү, хүнгэнэх дуун дээр хааяа нэг төмөр замын тачигнах чимээ, энд тэндээс хүмүүсийн инээж хашгиралдах, нохой хуцах, хүүхэд уйлах, хөгжим хангинах, хэрээ гуаглах зэрэг үй олон шуугиан нэгдэн хотын ер бусын хөг аялгууг бүрдүүлэх ажээ. Энэ эх захгүй чимээ шуугианыг даван эмэгтэй хүний "Хүн гуай" хэмээх цээлхэн дуу гудамжинд хадахад хогийн сав ухаж зогссон эр гайхшран эргэж харвал ард нь хуйлаастай сонин барьсан хорь гаруй насны бүсгүйн бүүдгэр дүрс бүртийж харагдав. -Яах гээв? гэж уурсаад тэнэмэл эр хогийн саваа түчигнүүлэн ухсаар ундааны хуванцар сав гаргаж ирэн сэгсэрснээ ёроолд нь байх шавхрууг балгалж, сүүлчийн дуслыг нь хүртэл ховх соров. Бүсгүй тэнэмэл эрийн хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй ажиглаж байснаа уртаар санаа алдав. Түүний чихэнд "Бидэнд нэг санал ч үнэ цэнэтэй учир нэг хүнийг ч бүү орхи. Баян ядуу, сэхээтэн ажилчин, жаргасан цэнгэсэн, зовсон зүдэрсэн, тарган цатгалан, өлсөж цангасан, онгирсон цамнасан, гуйлгачилж гутарсан, эр эм, хөгшин залуу, тахир дутуу, тэнэг мангар нь хамаагүй тэд адилхан хүн. Сонгууль бол хоолоо булаацалдах араатнуудын өрсөлдөөн. Чи энэ тулаанаас айж хулчийвал хоолгүй хоцорно гэсэн үг. Тийм учраас уулзсан хүн бүрийнхээ сэтгэлийг тат. Ингэж чадвал бидэнд тэдний санал ирнэ. Бид ялна" хэмээх сонгуулийн штабын менежерийн өглөөхөн хэлсэн үг сонсогдох шиг болоход бүсгүй итгэл төгс урагш алхжээ.
"Ухуулагч" цааш унших »
ШИМЭГЧ
Тав хоног хоол, хүнсгүй өлбөрч мөхөхийн ирмэг дээр тулаад байсан бясаанууд амьтан ирснийг үнэрээр нь мэдэрчээ. Халуун, шинэ цусны үнэр өрөөгөөр нэг ханхалж бясаануудын хоосон гэдсийг гижигдэхэд өлсгөлөнгөөс болж самуурч гүйцсэн ухаан мэдрэл нь ум хумгүй тийш хүрч очин, хооллохыг шавдуулна. Яйжийсан буйдангийн ангайсан завсар хооронд нуугдсан ах дүү таван бясаа шөнө болохыг тэсч ядан хүлээлээ. Аяллын цаг эхэлснийг илтгэн өрөөг харанхуй нөмрөхөд гэдэс нь нуруутайгаа наалдаж хальс болсон таван бясаа амьтан руу очихоор дээш мацав. Намайг зоогло гэсэн шиг амтат зууш нь жигд хэмнэлээр хурхирч, хоол идэх дуршлыг нь улам дэвэргэхэд ах дүү тав бүр ч ихээр тэчьяадаж, тэгснээс толгой нь манаран дүйнгэтэж өөрийн эрхгүй хурд нь саарна.   -Цусны үнэр хамар сэтлэх нь ээ. -Гэхдээ энэ цус ондоо үнэртэй юм. -Хурц, нясуун үнэртэж байна. -Үнэр ямар хамаа байна аа. Өлсгөлөн амт мэдэрдэггүй. -Хор байвал яана? -Цус л үнэртэж байна.          -Хамгийн зөөлөн газар нь гэдэс. Цус нь ч амттай гэлцсээр тавуул гүзээ өөд мөлхөн гарав. Арьс руу нь соёогоо зооход халуун, нялуун цус ходоод руу нь урсан орж хүсэл ханахын ер бусын таашаалыг бясаанууд мэдэрч, ухаан санаа нь самуурчээ. Амьтныг яраглаж, хөлбөрч эхлэхэд тэд сая ухаан орлоо.
"ШИМЭГЧ" цааш унших »
(Нийт: 23)